
Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд “Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2014 онд байгуулж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг байгуулсан.
Улаанбаатар хот уг компанийн 24 хувийг эзэмшиж байсан бөгөөд 55 хувийг эзэмшигч БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлцэл хийж, хувьцааг нь худалдан авлаа.
Нийслэл 79 хувийн хувьцааг эзэмшсэнээр нийтийн тээврийн салбарын төлбөрийн менежментийг сайжруулж, зорчигчдын төлбөр төлөх боломжийг эрс нэмэгдүүлэх, нийтийн тээврийн автобуснуудад зорчигч тоолох системийг суурилуулан зорчигч урсгалын мэдээллийг авч дүн шинжилгээ хийж автобусны чиглэл цагийг хуваарийг оновчтой төлөвлөх, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй хэрэгслүүдийг бодит цагийн горимоор хяналт тавих, иргэдэд мэдээллийг бүрэн хүргэх боломжийг бүрдүүлэх гэх мэт олон чухал асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн орлого нэмэгдүүлэх боломж өсөхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн шинэ системийг үндэсний оператор компаниудтай хамтран хөгжүүлж, хэрэглэгчийн шаардлага, өсөн нэмэгдэж буй нийтийн тээврийн эрэлт хэрэгцээг технологийн дэвшлийг ашиглан бүрэн хангах, тасралтгүй сайжруулан иргэдийн аюулгүй ая тухтай үйлчлүүлэх нөхцөл улам сайжрах боломжтой юм.
НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл “Улаанбаатар смарт карт” компанийн зөвхөн 24 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол өнөөдөр 79 хувийн хувьцаа эзэмшигч боллоо. Одоо бид нийтийн тээврийн U-Money төлбөрийн системийн жил ирэх тусам буураад байсан орлогыг хянах, нийтийн тээврийн үйл ажиллагаа, дата мэдээллийг өөрсдөө хянах боломж бүрдлээ. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл олгосны дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үлдсэн хувьцааг нийт дөрвөн хуулийн этгээд эзэмшиж байгаа. Бид цаашид эдгээр компанитай хэлэлцээр хийж, уг компанийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авах ажиллагаа үргэлжилнэ” гэдгийг хэллээ.