Б.Отгонжаргал: Мэддэг, чаддаг зүйлээ бусдад хэлж өгч, хүнд тус болдог учраас би энэ ажилдаа дуртай
Зорчигчдын автобусны картыг цэнэглэж, хаа хүрэх талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ажилладаг Нийтийн тээврийн бодлогын газрын шалгагч Б.Отгонжаргалын нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдгийг та бүхэнд хүргэж байна.
Б.Отгонжаргал нь нийтийн тээврийн шалгагчаар гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд түүний нөхөр нь “Автотерминал” ХХК-нд засварын механик хийдэг юм. Тэрбээр ажлын нөхцөл хүнд ч ажлаа хийх дуртай. Ажлаа хэнээр ч заалгахгүй хийж чаддаг гэдгээрээ бахархадаг хэмээв.
“Өнөөдөр ажлын хуваариар Зүүн 4 замын автобусны буудал дээр 07:20-13:20 цаг хүртэл ажиллана. Ажлынхаа голоор амжуулж, цайндаа орж, ариун цэврийн өрөө ордог. Шалгагчийн хувьд иргэдийн автобусны карт болох Umoney-г цэнэглэж, автобусны чиглэлээ мэдэхгүй иргэдэд зөвлөгөө, заавар өгч тусалдаг” хэмээн ярилаа.
