Б.Амарзаяа: Дулаан зогсоолууд өнөөдрөөс хэвийн ажиллаж иргэдэд үйлчилнэ
Цаг агаар эрс хүйтэрсний улмаас автобус хүлээх иргэд "Дулаан зогсоолуудыг ажиллуулахгүй байна" гэх гомдол гаргаж байна. Энэ талаар Зогсоолын төлөвлөлт, сүлжээний инженер Б.Амарзаяа: Хан-Уул дүүргийн 1, 5-р хороонд байрлаж буй автобусны дулаан зогсоолын хувьд НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалын санаачилгаар 2024 оны аравдугаар сард байршигдсан. Тус зогсоолын ашиглалтыг "Төв цэнгэлдэх” ХХК, цахилгааныг нь тухайн зогсоолын ойролцоох "GS25" хариуцдаг байсан боловч цахилгааны төлбөрийн асуудал үүссэний улмаас түр хугацаанд хаалттай байсан. Одоогоор цахилгааны асуудал шийдэгдсэн тул өнөөдрөөс иргэдэд нээлттэй боллоо.
Согтууруулах ундаа хэрэглэсэн болон биеэ зохисгүй авч явж буй зарим иргэн дулаан зогсоол дотор бие засах, хооллох, хаалгыг нь эвдэх тохиолдлууд үүсдэг. Иймд нийтийн тээврийн хэрэгсэл явж эхэлж буй цагаас буух цаг хүртэл нээлттэй байлгаж байна. Тухайн дулаан зогсоолын ашиглалтыг Нийтийн тээврийн бодлогын газар хариуцдаггүй. Харин тухайн дүүргүүдэд нь төсөв тусгагддаг тул харуул хамгаалалт, арчлалт болон засварыг хийж гүйцэтгэх үүрэгтэй гэв.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 70 орчим дулаан зогсоол байдаг. 5 зогсоолын тухайд эд хогшил нь хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан байна. Өнөөдөр 2 зогсоолыг засаж, нээсэн. Үргэлжлүүлэн бусад хаалттай зогсоолуудыг засаж нээх талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө.