Нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системийг хөгжүүлснээр өмнөх оны мөн үеэс 24.9 сая зорчигч илүү тээвэрлэж, 23.1 тэрбум төгрөгийн орлого илүү төвлөрүүллээ
НИТХ-ын төлөөлөгч буюу Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болон Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд Нийтийн тээврийн бодлогын газрын үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Б.Ану-Үжин, О.Зундуйдорж, Э.Одонтуяа нар тус газрын үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо хуваалцлаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, нийтийн тээврийн салбарын хөгжил, чиг хандлага, хөрөнгө оруулалт, иргэдээс ирж буй санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг болон салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаа танилцуулж НИТХ-ын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нийтийн тээврийн хэдэн автобусны зогсоолтой, зарим алслагдсан дүүргүүдэд орчин үеийн шаардлага хангасан зогсоол байдаггүй талаар тодруулсан бол Б.Ану-Үжин төлөөлөгч жолооч нарын тэр дундаа эмэгтэй жолооч нарын бие засах асуудалд анхаарч, өдрийн хоолоо идэж бага хугацаанд амрах таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэйг онцлов. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн чиглэлд богино эргэлт хийх боломжийн талаар судлахыг хүсээд Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олонд талархал илэрхийлэв.

НИТХ-ын төлөөлөгч Э.Одонтуяа нийтийн тээврийн салбарт хийсэн олон шинэ ажлыг онцолж талархал илэрхийлээд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын гүйцэтгэлийг KPI систем рүү шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж ажиллахыг хүсэв.


НИТХ-ын төлөөлөгчид тус газрын санал, гомдлын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдээс ирүүлсэн талархал, санал, гомдлыг тухай бүрд нь шуурхай хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцаж, иргэдээ дээдэлсэн, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлж буйд улам их амжилт хүслээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын тоон мэдээлэл:
Ажлын өдөр: 1170 автобус
Амралтын өдөр: 1007 автобус
Нийт бүртгэлтэй жолооч: 2841
Мэргэшсэн жолооч: 2837
Эмэгтэй жолооч: 217
Автобусны чиглэл: 139
Автобусны зогсоол: 1182

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ:
• НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
• НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
• НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
• НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
• ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН
• НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН
• БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ