
"Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" амжилттай зохион байгуулагдлаа
Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн"-ийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ "Бид өнөөдөр 100 жилийн түүхэн босгон дээр нэгэн зууны амжилт, алдаа оноог эргэн харж, ирээдүйн зорилго, зорилтоо шинэ өнгөөр тодорхойлох их үйлсийн өмнө хамтдаа зогсож, бахархалт мөчийг хамтдаа угтаж байна. Автотээврийн салбар нь Монгол Улсын ачаа тээврийн 65 хувийг, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж буй материаллаг үйлдвэрлэлийн дөрөв дэх том салбар болон хөгжиж байна” хэмээн онцлов.
Зөвлөгөөнд Нийтийн тээврийн бодлогын газрын дарга, удирдлага, албан хаагч нар болон нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Уг зөвлөгөөнд тээврийн салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ахмад, залуу үеийн төлөөлөл болсон 800 гаруй тээвэрчид Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцлоо.
Тэргүүний тээвэрчдийн улсын анхдугаар зөвлөгөөн"-ийг анх 1964 онд зохион байгуулж байсан бол, "Улсын II зөвлөгөөн" 1982 онд болж байжээ. Харин Автотээврийн 100 жилийн ойн босгон дээр болж буй "Автотээвэрчдийн Улсын III зөвлөгөөн" нь 43 жилийн дараа болж буйгаараа онцлог юм.
Зөвлөгөөний үеэр явагдсан хэлэлцүүлгийн үеэр оролцогчид салбарын хөгжилд шаардлагатай бодлогын шинэчлэл, техникийн дэвшил, сургалт, боловсон хүчний хөгжлийн асуудлыг онцлон дурдлаа. Мөн төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ механизмыг нэвтрүүлэх санал, санаачилга дэвшүүлсэн юм.
Түүнчлэн зөвлөгөөнөөр салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг хамтран тодорхойлж, шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.
Зөвлөгөөнд оролцсон талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, автотээврийн салбарыг илүү хариуцлагатай, үр ашигтай, иргэдэд хүртээмжтэй болгохын төлөө хүчин чармайлтаа нэгтгэхээ илэрхийлсэн нь энэхүү арга хэмжээний чухал үр дүн байлаа.