
Зогсоолоос хүнээ аваагүй жолоочийг торгов
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б: М:2 “Зунжин-Сүхбаатарын талбай” чиглэлд явж байгаа 14-048 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Зорчигчоо загнаад хурдан суугаач буугаач гээд хаалгаараа хавчсан.
Шийдвэрлэлт: 14-048 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг 07.06 цагт МУБИС-Зүүн буудал дээр шалгахад зорчигчдыг буулгахдаа хаалгаараа хавчсан зөрчил илрээгүй. Диспетчер Гантөмөрт жолоочийн зан харилцаанд арга хэмжээ тооцож ,гомдол гаргагчид хариуг нь өгч, эргэж мэдэгдэхийг үүрэг өгсөн.
Иргэний гомдол: Иргэн Ш: Сүхбаатарын талбайн урд буудлаас суух гэсэн хаалгаа нээхгүй байсан. Балбаж байж суусан. Арга хэмжээ тооцож хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-070 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг 17.36 цагт Сүхбаатарын талбайн урд буудал дээр шалгаж үзэхэд зорчигчдыг буулгаж, суулгасны дараа буудлаасаа хөдлөлгүй 10 минут түгжрэлд дүүрэн хүнтэй зогсож байхад зорчигчид хаалгыг нь цохиж сууж байна. Жолоочийн буруутай үйлдэл биш.
Иргэний гомдол: Иргэн А: Ч:50 “Улаанхуаран-ТЭЦ-3” чиглэлд явж байгаа 1-016 гарааш дугаартай автобусны жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү. (утсаар ярьж яваад замын хашлага мөргөсөн, шаардлага тавьсан чинь хүлээж аваагүй, сүртэй юм гэсэн)
Шийдвэрлэлт: 1-016 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг 14.36 цагт шүүж үзэхэд жолооч чихэвчээр ярьж байна. Хашлага мөргөсөн үйлдэл илрээгүй. Гомдол гаргагч руу залгахад холбогдоогүй.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн П: Ч:2 “Шархадны эцэс-3,4 дүгээр хорооллын эцэс” чиглэлд явж байгаа 1-056 гарааш дугаартай автобусны жолооч нь автобус дотор тамхи татаж сууж байгаад зогсоолоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б-ийг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Иргэний гомдол: Иргэн Х: Буудал зарлагч ажиллахгүй байхаар нь жолоочид хэлэхэд, "п..."-аар дуудаж, хэл амаар доромжилсон. Мөн "...ална" гэж заналхийлсэн. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?.
Шийдвэрлэлт: 1-175 гарааш дугаартай автобусны жолоочийг хариуцсан хэсгийн ахлагч Ариунбаатарт асуудлыг шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн М: Ч:24Б-Z “Нисэх-МҮИС” чиглэлд явж байгаа 13-197 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. (цагаараа явж байна гээд удаан яваад байхаар нь шаардлага тавьсан чинь яараад байвал таксигаа бариад яв гэж доромжилсон)
Шийдвэрлэлт: 13-197 гарааш дугаартай автобусны жолоочийг хариуцсан диспетчер Цогтбаярт асуудлыг шийдвэрлэж гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн М: Ч:48A “Зүүнсалаа-МУБИС” чиглэлд явж байгаа 03-011 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. (бие давхар эмэгтэй хүнийг элдэв үгээр хэлж доромжилсон, мөн зорчигч бас шаардлага тавьсан хар толгойгоо аятайхан аваад яв гэсэн)
Шийдвэрлэлт: 03-011 гарааш дугаартай автобусны жолоочийг хариуцсан хэсгийн дарга Отгонтөгсөд асуудлыг шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.