
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна.
Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод автотээврийн хэрэгслийн техникийн засвар, үйлчилгээ, хоёрдогч түүхий эд авах, тос тосолгооны материалын худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд “Автотээврийн тухай”, “Барилгын тухай хууль”, “Хог хаягдлын тухай хууль”, “Газрын тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилт, холбогдох журам, стандартын мөрдөлтөд хяналт шалгалт хийж, хэрэгжилтийг хангуулах, үнэлгээ, өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч аюулгүй байдлыг хангуулах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хийж байгаа юм.
Тус хяналт шалгалтаар Нийтийн тээврийн бодлогын газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн хяналт, шалгалтын газар, Нийслэлийн Газар, зохион байгуулалтын алба, Нийслэлийн Байгаль, орчны газар, дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа тос тосолгооны материал худалдаалах, авто засвар, авто угаалга, дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.