
“Гэрэгэ Киоск” ХХК-тай хамтран ажиллаж, “ЕС”, “ТҮР” замын хуудсыг Хур системээс авдаг боллоо
Нийтийн тээврийн бодлогын газар, “Гэрэгэ Киоск” ХХК-тай хамтран ажиллаж, 2-3 өдөр зарцуулдаг үйлчилгээг 20-45 минутад, цахимаар авах боломжийг бүрдүүлж чадлаа.
Тус газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсээс иргэд, аж ахуйн нэгж “ЕС”, “ТҮР” замын хуудас авдаг. Энэхүү үйлчилгээг Төрийн үйлчилгээний Хур системд холбон, олон шат дамжлагагүй болгосон нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Иргэн, аж ахуйн нэгж тайлангаа илгээж, шаардлагатай мэдээллээ өгч, цахимаар төлбөрөө төлснөөр зөвшөөрлөө авах боломжтой.
Төрийн үйлчилгээг хялбар аргаар иргэд, аж ахуйн нэгжид хүргэж эхлээд 8 хоног болж буй ч үйлчилгээ авах аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар өссөн амжилттай байна. Цаашид хөгжүүлэлтийг улам сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Гэрэгэ Киоск” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.