
Бетон зуурмагийн тээвэрлэлтийн талаарх төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт боллоо
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй том оврын бетон зуурмагийн автомашинуудад хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа-цаашид анхаарах асуудал” уулзалтыг өнөөдөр хийлээ.
Тус уулзалтад Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, тус газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн төлөөлөл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Нийслэлийн замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар болон бусад холбогдох албан хаагч, “Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 20 аж ахуйн нэгжийн 26 төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Нийслэл хотод замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа ч авто замын эвдрэлд нөлөөлөх хүчин зүйл болоод буй даац хэтрүүлсэн тээвэрлэлт, бетон зуурмагаа зам дээр асгаж байгаа нөхцөлүүд нь авто замын хийцлэлд өөрчлөлт орж, эвдрэл үүсгэж буй талаар ярилцаж мөрдөгдөж буй стандартын шаардлагуудын талаар санал солилцлоо.
Харин “Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөллүүд “14 жилийн өмнө нь батлагдсан стандартад бетон зуурмагийн машин 6 метр куб ачаа ачна гэж заасан байдаг. Энэ стандартыг өөрчлөх шаардлагатай байна. Зөвшөөрөл аваад зорчиж байгаа ч яг хэдэн цагт яаж зорчих талаар нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй байна” гэсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Бетон зуурмагийн машинууд нь зам дээр бетон асгахгүй байх үүднээс тосгуур бүхий хийцэл нэмэх, аж ахуй нэгж бүр таних тэмдэг бүхий лого, утасны дугаар байршуулах, ачааны жин даац хэтрүүлэхгүй байх, Барилгын зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийх чиглэлийг өглөө.
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал: Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран нэгдсэн системд зөвшөөрөлтэй машинуудыг бүртгэн хяналт тавин ажиллах бүрэн боломжтой.
“Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны зүгээс үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдээ дэмжин стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн тээвэрлэлтийн жин тонн, даацыг нэмэгдүүлэн тусгаж өгөх саналыг хэлэлцэж, үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
Бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж 30, тэдгээрийн зуурах, тээвэрлэх 461, зуурмаг шүршигч 150, тээвэрлэх 214 тээврийн хэрэгсэл авто тээврийн оношилгоонд орж, өнөөдөр үйлчилгээ үзүүлж байна.