
Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олонд талархал ирлээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй хамтран хүртээмжийн үнэлгээг өнгөрсөн тавдугаар сард “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ болон шугам замд явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хийж гүйцэтгэсэн.
Хүртээмжийн үнэлгээний дүнгээр нийтийн тээврийн хэрэгслүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөл боломжоор бүрэн хангасан тул “маш сайн” гэж үнэлэгдсэн байна.
Иймд өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Сургалт нөлөөллийн ажил хариуцсан мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн О.Гаасүрэн нар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалд дээрх үнэлгээний талархлыг гардуулж өглөө.
Тус талархалд: Нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн иргэдэд үйлчилдэг БНХАУ-д үйлдвэрлэсэн Golden Dragon Xiamen XML6105J15C болон Yutong ZK6116HG маркийн автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх техникийн болон мэдээллийн хүртээмжийн үнэлгээг MNS 6055:2009-Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, Үндсэн шаардлага MNS 5012:2021-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартын дагуу 15 үзүүлэлтээр шалгаж үнэлэхэд 95.6% буюу “маш сайн” гэж үнэлэгдсэн тул талархал илэрхийлэв.
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Энэхүү талархал бол нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа бүх хүнд зориулсан талархал. Нийтийн тээврийн жолооч, шалгагч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, дэмжихэд анхаарч ажиллах хэрэгтэй. Буудлаа зарлахгүй, тэргэнцэртэй иргэнд зориулалтын шатаар үйлчлэхгүй байгаа жолооч нарыг сургалтад хамруулах болно. Манай газрын шалгагч нарын ачаар иргэдээс маш их талархал ирэх болсонд баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэх талаар бид бүх талаар анхаарч ажиллах болно” гэлээ.