Автобусны буудлаас хүнээ аваагүй жолоочийг торгов
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн газарт энэ амралтын өдрүүдэд иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн П.О “Y:30 чиглэлийн07-035 гарааш дугаартай автобусны жолооч Нарантуул захын зүүн явах чиглэлд буулгахгүй Ахмадын хороолол дээр буулгасан. Буудал дээрээ буу гэж хэл амаар доромжилсон тул арга хэмжээ авч өгнө үү” хэмээн 700444040 дугаарт мэдэгдсэн.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу жолоочийн хяналтын камерын бичлэгийг шалгаж, үзэхэд тухайн иргэн Нарантуул зах руу эргэдэг эргэлтэн дээр зогсохыг шаардаж, жолооч руу энд бууна гэж хууль бус шаардлага тавьсан тул тухайн жолооч иргэнтэй зүй бус харьцсан байхыг тогтоолоо. Тухайн жолоочийг зан харилцаан дээрээ анхаарч ажиллахыг үүрэг болгож, сануулга өгсөн.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн 23-р хорооны иргэн Б.И “Ч:73 чиглэлийн 04-043 гарааш дугаартай автобусны жолооч Замын цагдаагийн пост буудал зогсохдоо хүнээ аваагүй явсан тул жолоочид арга хэмжээ авч өгнө үү” хэмээн 70044040 дугаарт гомдол гаргасан.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу автобусны хяналтын камерыг шалгахад тухайн жолооч зорчигчийг аваагүй нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгов.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Та бүхэн үнэн бодит мэдээлэл өгч, бидэнтэй хамтран ажиллаарай.