
Албаны хүмүүс нийтийн тээврийн стратеги болон удирдлагын төвийг шинэчлэх ТЭЗҮ төслийн талаар уулзалдав
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банктай хамтран Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг хамтран хэрэгжүүлж байгаа.
Төслийн ажлын явцтай Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж, Зорчигч тээврийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн, Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн дарга С.Санжмятав болон НЗДТГ-ын Тээвэр, логистикийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн А.Чойжилсүрэн, Дэлхийн банкны төлөөлөгч тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Биукес, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн удирдагч Х.Булгаа бусад албаны төлөөлөл танилцлаа.
Уг уулзалтаар нийтийн тээврийн стратеги боловсруулах талаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн, Far East BRT Planning, Нийтийн тээврийн удирдлагын төвийг шинэчлэх ТЭЗҮ болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах талаар Trans-Consult Ltd зөвлөх багууд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа цахимаар танилцуулж, талууд санал бодлоо солилцов.
Нийтийн тээврийн бодлогын газар болон НЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс Нийтийн тээврийн стратеги боловсруулахдаа захиалагч талын саналыг хангалттай тусгаагүй тул цаашид саналыг бүрэн дүүрэн тусгасан, ойлгомжтой стратеги боловсруулах шаардлагатайг онцлоод хамтран ажиллахаа мэдэгдэв.
Дэлхийн банкны төлөөллүүд нийтийн тээврийн стратеги, төлөвлөгөөг боловсруулахдаа метро, BRT, их багтаамжийн төсөл, дүүжин тээврийн төслийн нэгжүүдтэй уулзаж, нэгдсэн ойлголттой болох хүсэлтээ уламжлав.
Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны төлөөлөл Нийтийн тээврийн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж , Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хэрхэн уялдуулан ажиллах, ямар өөрчлөлт шинэчлэлт хийх талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотыг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.