Иргэдээс ирсэн талархал, гомдлын мэдээлэл
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Түмэннасан: Автомашины дугаар явдаггүй өдрөө автобусаар үйлчлүүллээ. Чиглэлээ мэдэхгүй жолоочоос асуухад маш сайхан харилцаатай жолооч байна. Зарим жолооч нар уурлаад загнаад байдаг. “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТГ-ын жолооч Н.Дамдинрагчаа жолоочид талархал илэрхийлье. Баярлалаа.
🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Ариунцэцэг: М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлийн "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-169 гарааш дугаартай автобусны жолооч Б.Эрдэнэчулуун настай ээжид минь хүлээцтэй хандан, эелдэг боловсон харьцсанд маш их баярлалаа.
🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн С.Бадамхишиг: Ч:19Б (Цагаан даваа- Офицеруудын ордон) чиглэлийн ДЮЦ ХХК-ийн 16-003 гарааш дугаартай автобусны жолооч Г.Бямбацогт хүүхдийн маань сургуулийн бичиг баримтыг гээгдүүлсэн байсныг олж өгсөнд маш их баярлалаа.
📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Батнасан: М:4 (Шархадны эцэс- Цамбагарав) чиглэлд явж байгаа 2-184 гарааш дугаартай автобус хорооллын эцэс дээр зогсоогүй явсан. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад автобусны буудалд 2 автобус суудлын тээврийн хэрэгслүүд зогсож байсан тул урд нь зогсож хүнээ буулгаж, суулгасан байна.
📍Иргэний гомдол: Иргэн О.Энхболд: Ч:71 (МУБИС-120 мянгат) чиглэлийн 1-111 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Энканто таун зогсоол дээр огцом тоормос гишгэж, зээ хүүтэйгээ хоёулаа унасан. Жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад хүн унасан асуудал гараагүй. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Т.Шинэбаяр: Ч:7а (Нисэх-5 богд компани) чиглэлд явж байгаа 15-089 гарааш дугаартай автобусны жолооч хөл муутай настай хүнийг хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Настай хүнд суудал тавьж өгөх эсэх нь хүмүүсийн ухамсрын асуудал жолоочид хамааралгүй асуудал.
📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Алтансүх: Ч:20Б (Баянхошуу-Хархорин) чиглэлд явж байгаа 13-387 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад нэг эмэгтэй зорчигч жолоочийг сигнал их дарж байна гэхэд жолооч 1-р эгнээнд зогссон байгаа машин руу сигналдаж байна гэж маргалдсан. Зорчигч бичлэг хийж жолоочийн ажлыг зааж хэрүүл өдсөн.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.
Утаснаас гадна иргэн та https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан санал, гомдол, талархал илгээх боломжтой.